Монгол банхарын стандарт ямар байх ёстой вэ?
- За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн хэлэлцүүлэгээ бидний мэдэх монгол банхарын стандарт буюу гол шинжүүд нь ямар байх ёстой вэ, ямар нохойг жинхэнэ монгол банхар гэх вэ гэдэг талаар явуулахыг зорилоо. Сүүлийн үед хүмүүс дөрвөн нүдтэй сэгсгэрдүү үстэй нохойг хөдөөнөөс оруулж ирээд л энэ цэвэр монгол банхар, энэ цэвэр банхарын гөлөг байна гэх болжээ. Зарим нь түвд мастифаас үүсэлтэй нохойг бид банхар хэмээн нэрийддэг болохоос биш уг нохой нь монголынх биш гэцгээнэ. Түүнчлэн эртний нүүдлийн соёл иргэншилтэй бидний түүхэнд банхар нохойны тухай тодорхой үлдээсэн зураг, гар бичмэл, баримт төдийлөн байдаггүй аж. Одоогоор Оросууд монгол овчарка гэсэн нэр томьёо гаргаад монгол овчарканы стандарт ийм ийм байна, ийм ийм шинжийг бүрдүүлсэн нохойг монгол овчарка гэнэ гээд тодорхойлсон байгаа. Бид Орос ах нарын гаргасан тэрхүү стандартыг нь дагах уу эсвэл монголчууд бид өөрийн гэсэн энэхүү банхар нохойныхоо стандартыг өөрсдөө тогтоох уу....
- Миний бодлоор дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг ард түмэнд мэдээж унаган нохой байсан байж таарна, чухам ямар нохой байсан одоо өнөө үед тэр нь ийм болж өөрчлөгдсөн гэдгээ тогтоох хэрэгтэй болов уу. Тэгээд уг нохойны гол шинж чанар нь ийм юмаа гэдэг стандартаа нарийн тогтоогоод батлах хэрэгтэй байна. Үүний дараа олон улсын нохойн бүртгэлд оруулахын төлөө ажиллах нь зүйтэй болов уу. Тэрнээс биш одоо өө энэ цэвэр, өө энэ эрлийз эсвэл энэ түвд банхар гэж хоорондоо ам булаацалдан ярих нь дэмий биз дээ. Ер нь бид түвд банхар гэж ярихаа болих хэрэгтэй, түвд мастиф гэж нэрлэгдсэн нохойг тэр нэрээр нь нэрлэж ярих хэрэгтэй байна. Банхар гэдэг нэр бидний монгол нохойны нэр шүү дээ. Уул нь манай Нохой Судлалын Холбоо болон түүний харьяа нохой үржүүлгийн газрууд энэ тал дээр нэгдсэн нэг байр суурь дээр тогтоод монгол банхарынхаа стандартыг тогтоох асуудлыг шийдэж өгвөл хүмүүсийн дундах эргэлзээтэй асуудлыг шийдэж, монгол гэсэн тодотголыг авч үлдэхэд их тус нэмэр болно доо. Дээрх асуудлыг нэг тийш нь шийдээд тогтоогоод өгвөл монголчууд бид чинь өөр улсын янз бүрийн сайн муу үүлдрийн нохдыг тэжээж үржүүлэхээсээ илүүтэй монгол гэсэн тодотголтой банхар нохойгоо өсгөн үржүүлж цаашлаад дэлхийн зах зээлд гаргах нь дамжиггүй гэж бодож байна. Ингээд та бүхэн монгол банхар маань ямар ямар шинж чанарыг агуулсан байх ёстой, за ийм нохойг жинхэнэ монгол банхар гэж болноо гэсэн санаа бодлоо илэрхийлнэ үү.
No comments:
Post a Comment